Billboard болон хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан утасны Gabb Wireless компани хамтран гаргадаг Top Gabb Music Songs жагсаалт хоёр жилийн ойтойгоо золгож байна. Тус платформ нь зөвхөн хүүхэд, өсвөр насныханд тохирсон агуулга бүхий дуунуудыг сонгон багтаадаг бөгөөд 2024 оны аравдугаар сараас эхлэн сар бүр сонсолтын тоонд суурилсан чартыг гаргаж байгаа юм. Одоогоор эдгээр сонсолтын дата нь Billboard-ийн бусад албан ёсны жагсаалтад тооцогддоггүй байна.

2026 оны аравдугаар сарын чартыг дуучин Малколм Тоддын “Earrings” уран бүтээл дахин тэргүүллээ. Наймдугаар сараас хойш тэргүүлж буй тус уран бүтээл нь тус жагсаалтын түүхэнд гурав буюу түүнээс дээш сар №1 байр сууриа хадгалсан дөрөв дэх дуу болж тэмдэглэгдэв. Өмнө нь Алекс Уоррены “Ordinary”, Форрест Франкийн “Your Way’s Better”, Лэди Гага болон Бруно Марс нарын “Die With a Smile” бүтээлүүд энэхүү амжилтад хүрч байжээ. “Earrings” дуу Billboard Hot 100 жагсаалтад өнгөрсөн аравдугаар сард 17-р байранд хүрч байсан бол хамгийн сүүлийн буюу 11-р сарын 21-ний дугаарт 23-р байрт бичигдсэн байна.

Энэ сарын чартын хоёрдугаар байрт Алисса Грейсийн “Bloodstream” дуу өсөн орж иржээ. Тус уран бүтээл нь 8-р сард 20-р байраар анх орж, 9-р сард 4-р байрт хүрч байсан түүхтэй.

Харин шинээр орж ирсэн бүтээлүүдийг дуучин Тейлор Свифтийн “Patient Zero” дуу тэргүүлж, 14-р байрт жагсав. Есдүгээр сарын 25-нд “The Life of a Showgirl” цомгийн deluxe хувилбараар цацагдсан тус дуу нь Billboard Hot 100 жагсаалтыг аравдугаар сард гурван долоо хоногийн турш тэргүүлж, Тейлор Свифтийн уг жагсаалтыг тэргүүлсэн 16 дахь бүтээл болсон юм. Мөн OneRepublic хамтлагийн “Counting Stars” дуу уг чартад шинээр орж иржээ.