Английн алдарт дуучин, The Smiths хамтлагийн хуучин гишүүн Моррисси Лас Вегас хотын Wynn зочид буудалд хийхээр төлөвлөж байсан дөрвөн өдрийн тоглолтоо цуцалсан байна. Тоглолт эхлэхээс долоо хоногийн өмнө уг шийдвэр гарч, тоглолтын хуваарийг зочид буудлын албан ёсны цахим хуудаснаас хасжээ.

Дуучны багийнхны мэдээлснээр, тоглолтыг "урьдчилан таамаглах боломжгүй логистикийн бэрхшээл"-ийн улмаас цуцалсан байна. Моррисси нь өмнө нь ч тоглолтоо цуцлах эсвэл хойшлуулах явдлаараа алдартай нэгэн юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Валенсиад хийх байсан тоглолтоо "нойргүйдлийн улмаас" цуцалж байсан бол, үүнээс өмнө АНУ-ын хэд хэдэн хотод тоглолтоо цуцалсан тохиолдлууд гарч байв.

Тэрээр өөрийн 14 дэх бие даасан цомог болох "Make-Up Is A Lie"-г гуравдугаар сард гаргасан бөгөөд одоогоор арванхоёрдугаар сард Их Британийн хэд хэдэн хотод тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна, тэрээр BBC телевизийг өөрийн дууг гаргадаггүй хэмээн шүүмжилж, хуучин хамтлагийн гишүүн Жонни Маррыг олон нийтийн дунд хагарал үүсгэж байна хэмээн буруутгасан байна. Мөн түүний өсвөр насандаа бичиж байсан, рок од болохыг зөгнөсөн захидлууд дуудлага худалдаанд орох гэж байна.