Мьянмарын цэргийн дэглэм Нобелийн энх тайвны шагналт, тус улсын удирдагч асан Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн тухай ВВС агентлаг мэдээллээ. Су Чи 2021 оны 2-р сард болсон цэргийн эргэлтээр засгийн эрхээ алдсанаас хойш баривчлагдаад байсан билээ.
Түүнийг авлига, сонгуулийн луйвар зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, нийт 27 жилийн хорих ял оноосон юм. Олон улсын хүний эрхийн байгууллагууд болон барууны орнууд Су Чигийн баривчилгааг улс төрийн зорилготой гэж үзэн буруушааж байгаа.
Цэргийн дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч Зав Мин Тун энэ талаарх мэдээллийг баталгаажуулж, Су Чиг эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрийн хорионд оруулсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч түүний нөхцөл байдал болон цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Мьянмарт болсон төрийн эргэлтээс хойш улс төрийн тогтворгүй байдал үргэлжилж, цэргийн дэглэм болон ардчиллыг дэмжигчдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсаар байна. Олон улсын хамтын нийгэмлэг Мьянмарын цэргийн дэглэмийг хүч хэрэглэхээ зогсоож, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсаар байгаа билээ.