Дэлхий дээр Илон Маск гэж хэн болохыг мэдэхгүй хүн бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бараг бүх салбарт хүчээ сорьж яваа түүний тухай өгүүлэх “Musk” нэртэй шинэ баримтат киног найруулагч Алекс Гибни үзэгчдэд хүргэж байна. Энэхүү кино нь дундуураа 10 минутын завсарлагатай, нийт дөрөв шахам цаг үргэлжлэх томоохон бүтээл болжээ.
Киног бүтээж байх явцад Маск үүнийг өөрийг нь унагах зорилготой дайралт хэмээн тодорхойлж, Гибниг олон нийтийн сүлжээнд шүүмжилж байсан юм. Хэдийгээр найруулагч Маскийн талаар шүүмжлэлтэй байр суурьтай ханддаг ч уг бүтээл нь түүний өөрийнх нь хийсэн үйлдэл, хэлсэн үгс дээр тулгуурлан, түүнд маш шударга, бодитой хандсаныг шүүмжид дурджээ.
Симуляцийн санаа ба видео тоглоомын дүр
Маск биднийг симуляци ертөнцөд амьдарч байна гэж үздэгээ амьдралынхаа туршид олонтоо хэлж байсан бөгөөд найруулагч энэ санааг киноныхоо гол сэдэв болгон ашигласан байна. Кинонд Маск өөрөө ярилцлага өгөөгүй тул Гибни түүний дүр төрхийг видео тоглоомын анимейшн дүрээр төлөөлүүлжээ. Энэхүү симуляци дүр нь архивын бичлэгүүд дэх Маскийн өөрийнх нь хоолойгоор ярьж, киноны үйл явцыг холбон өгүүлдэг аж.
Бизнесийн түүх ба компаниуд
Баримтат кинонд Маскийн Zip2, X/PayPal, Tesla, SpaceX, Twitter-ийн худалдан авалт, Starlink, xAI, Grok зэрэг олон төслийн түүхийг өгүүлдэг. Мөн Маскийн дөрвөн хүүхдийн ээж Шивон Зилисийг танилцуулах хүрээнд Neuralink-ийг дурдаад өнгөрдөг байна.
SpaceX-ийн эхний гурван пуужин амжилтгүй хөөрсөн үеийн Маскийн сэтгэл хөдлөл болон дахин ашиглагддаг пуужин амжилттай хөөрсөн үеийн баяр хөөрийг маш хүний талаас нь бодитой харуулсан бол Tesla-тай холбоотой хэсэг рүү шилжих үед уур амьсгал илүү шүүмжлэлтэй өнгө аястай болдог байна.