Америкийн телевизийн хөтлөгч, жүжигчин Ник Кэннон "On Par With Maury Povich" подкастад оролцох үеэрээ реппер Эминемтэй хийсэн олон жилийн сөргөлдөөнийхөө талаар дурсан ярилаа. Тэдний маргаан 2009 онд Эминем Кэнноны экс эхнэр болох дуучин Мэрайя Кэриг дуундаа шүүмжилснээс үүдэлтэй юм.
Кэннон нэвтрүүлгийн үеэр ярихдаа "Тэр миний эмэгтэйг хүндлээгүй. Чи миний эхнэр рүү дайрчихаад зүгээр өнгөрнө гэж бодож болохгүй. Миний бодлоор тэр Мэрайятай зөвхөн ажлын харилцаатай байсан ч түүнийгээ хувийн харилцаа байсан мэтээр ярьсан" хэмээжээ. Кэннон, Кэри нар 2008 онд гэрлэсэн бөгөөд үүний дараа Эминем 2009 оны "Bagpipes From Baghdad" дуундаа поп одтой урьд нь хайр дурлалын холбоотой байсан гэх утга цухуйлгасан байдаг. Үүнд Кэннон Tumblr хуудсаараа дамжуулан хариу барьж байв.
Мөн тухайн онд гарсан Кэригийн "Obsessed" дууны клипэнд Эминемтэй төстэй эрэгтэй дүр гардаг нь түүний хариу байсан гэж олон хүн үздэг. Харин Эминем 2009 оны долдугаар сард гаргасан “The Warning” уран бүтээлээрээ Кэри болон Кэннон нарт хариу илгээсэн бололтой харагддаг.
Хосууд 2016 оны 11 дүгээр сард албан ёсоор салснаар Эминемтэй хийх маргаан намжаад байсан ч Кэнноны T.I.-ийн подкастад өгсөн ярилцлагын дараа дахин сэргэсэн юм. Үүний дараа Эминем Fat Joe-гийн "Lord Above" дуун дахь бадагтаа Кэнноныг чиглүүлсэн бололтой үг оруулсан бөгөөд Кэннон 2019 оны 12 дугаар сард түүнд хандан гурван дисс дуу цацжээ. Тухайн үед Эминем дуугаар бус, зөвхөн X (хуучнаар Twitter) хуудсаараа богино хариу өгч байв.
Кэннон 2020 онд Billboard сэтгүүлд ярихдаа өөрийгөө хамгаалж байснаа дурдаад, Эминемийг хип хопын ертөнцийн томоохон төлөөлөл гэдгийг үргэлж хүндэтгэдэг гэдгээ илэрхийлж байжээ.