Хүнд металл хөгжмийн домогт Iron Maiden хамтлагийн бөмбөрчин асан Нико МакБрэйн өөрийн намтар, уран бүтээлийн түүхийг өгүүлсэн “Hello Boys and Girls!” хэмээх 344 хуудас бүхий дурсамж номоо HarperCollins хэвлэлийн газраар дамжуулан уншигчдын хүртээл болгож байна. Энэхүү ном нь уг хамтлаг “Rock & Roll Hall of Fame”-д албан ёсоор залагдах үйл явдлын өмнөхөн нийтийн хүртээл болж байгаа юм.

Лондонд төрсөн бөмбөрчин Нико МакБрэйн 1982 онд тус хамтлагт нэгдэж, 2024 оны 12 дугаар сард аялан тоглолтоосоо зодог тайлсан билээ. Тэрбээр уг номдоо рок хөгжимчдийн дундах замбараагүй амьдрал, мансууруулах бодис, садар самууны сэдвийг зориуд дэлгэрүүлээгүй гэдгээ дурджээ. Тэрбээр Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Бид маш залуу, бахархалтай, бас галзуу байсан. Хар тамхи, бэлгийн харилцаа байсан ч би номондоо үүнийг голчлон тусгахыг хүсээгүй. Учир нь Iron Maiden хамтлаг хэзээ ч мөнгө, хар тамхи, зугаа цэнгэлийн төлөө уран бүтээл хийж байгаагүй бөгөөд одоо ч энэ зарчим хэвээрээ” хэмээн онцолсон байна.

Мөн хамтлагийн гишүүд одоо бүгд гэр бүл, үр хүүхэдтэй болсон тул бусдыг эвгүй байдалд оруулах түүхүүдээс зайлсхийсэн тухайгаа тайлбарлав.

Бенжамин Дирстэй хамтран бичсэн уг бүтээлд МакБрэйний Iron Maiden-д нэгдэхээс өмнөх амьдралын сонирхолтой түүхүүд багтжээ. Тэрбээр 10 нас хагастай байхдаа BBC сувгаар Жо Мореллогийн бөмбөрийн гоцлолыг үзээд анх хөгжимд дурлаж байснаа дурссан бөгөөд хожим Streetwalkers, Францын Trust зэрэг хамтлагуудад тоглож байсан үеийнхээ дурсамжийг хуваалцсан байна.

Тэрбээр өөрийн эхнэр Ребеккаг амьдралынхаа залуурч хэмээн тодорхойлсон төдийгүй бөмбөр тоглох нь түүний амьдралын хамгийн том хайр байсаар ирснийг тэмдэглэжээ.