Америкийн хөлбөмбөгийн лиг болох NFL-ийн тамирчид талбай дээрх ур чадвараараа алдартай ч тэдний зарим нь шинжлэх ухааны баримтыг үгүйсгэсэн үзэл баримталсаар байна. Хувцас солих өрөөнд дэлхийг хавтгай гэх яриа гардаг тул Филадельфи Ийглз багийн хамгаалагч асан Жейсон Келси болон Канзас Сити Чифс багийн тамирчин Трэвис Келси нар өөрсдийн "New Heights" подкастаар энэ сэдвийг хөнджээ.
Тэд уг сэдвээр ярилцахаар алдарт одон орон судлаач Нил деГрасс Тайсон-ыг урьсан бөгөөд тэрээр Америкийн хөлбөмбөгийн жишээгээр дэлхий хавтгай биш гэдгийг тайлбарласан байна. Тайсон хэлэхдээ, хүмүүс өөрсдийн хүссэнээрээ бодож болох ч дэлхийг хавтгай гэж итгэдэг хүнийг NASA-гийн тэргүүнээр томилохыг л хүсэхгүй гэдгээ хошигнон дурджээ. Үүний хариуд Трэвис Келси "Бүр хөлбөмбөгийн талбай хүртэл муруй шүү дээ" хэмээн нэмж онцолсон байна.
Тайсон өмнө нь 2018 онд "StarTalk" сувгаараа дэлхий хавтгай гэх үзэл дэлгэрч байгаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон боловсролын системийн сул талыг харуулж буй хэрэг хэмээн тайлбарлаж байв. Мөн тэрээр сансраас авсан эргэлдэгч бөөрөнхий дэлхийн бичлэгүүд байдгийг сануулсан юм.
Тэрээр тамирчдад зориулан нэгэн энгийн жишээ татжээ. АНУ-ын зүүн эрэгт өвлийн улиралд орой эрт нар жаргаж, Нью-Йорк хотод харанхуй болсон байхад Сан-Францискогийн 49ers багийн тоглолт өдрийн нарны гэрэлтэй үргэлжилж байдаг нь зөвхөн бөөрөнхий дэлхий дээр л боломжтой үзэгдэл гэдгийг тэрээр онцолсон байна.