Теннисийн спортын түүхэн дэх хамгийн амжилттай тамирчдын нэг, 24 удаагийн их дуулгын аварга Новак Жокович теннисний тоглолтын онооны системд томоохон өөрчлөлт оруулах санаачилгыг дэвшүүлжээ. Тэрээр тоглолтын үргэлжлэх хугацааг богиносгож, тамирчдын бие бялдрын ачааллыг багасгах нь бүх талуудад ашигтай гэж үзэж байна.

Жокович саяхан өгсөн ярилцлагадаа багц бүрийг зургаан гейм хүртэл тоглодог уламжлалт дүрмийг өөрчилж, дөрвөн геймээр тоглохыг санал болгосон байна. Мөн тэрээр 40:40 буюу тэнцээний үед оноог шийдвэрлэх «давуу тал»-ын дүрмийг халж, нэг оноогоор ялагчийг тодруулах нь тоглолтыг илүү хурдтай болгоно гэж үзэж байгаа аж. Энэхүү өөрчлөлтийг хийснээр таван багцтай тоглолт ч дунджаар хоёр цагийн дотор өндөрлөх боломжтой хэмээн тэрээр онцолжээ.

Теннисийн онооны систем 1870-аад оноос хойш үндсэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд 1970-аад оноос л тоглолтыг хэт сунжрахаас сэргийлж тай-брейк дүрмийг нэвтрүүлсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд их дуулгын тэмцээнүүд тав дахь багцад 10 онооны тай-брейк ашиглах болсон нь тоглолтын хугацааг зохицуулах нэг алхам болсон юм.

Жокович өмнө нь 2021 онд их дуулгын тэмцээнүүдэд гурван багцтай тоглолтыг нэвтрүүлэх санал гаргаж байсан удаатай. Жилийн турш олон тооны тэмцээнд оролцдог тамирчдын хувьд энэ нь ачааллыг бууруулах чухал алхам гэж тэрээр үздэг. Гэхдээ тэрээр их дуулгын тэмцээний таван багцтай тоглолт нь спортын өвөрмөц онцлог гэдгийг хүлээн зөвшөөрч, эхний шатуудад гурван багц, тэмцээний хоёр дахь долоо хоногоос таван багцтай тоглох холимог форматыг санал болгоод байна.