NFL-ийн алдарт тамирчин, Сан-Франциско 49ерс багийн домог Террелл Оуэнс Нолан Уэллс хэмээх залуугийн үхэлтэй холбоотой асуудалд Дональд Трампыг хөндлөнгөөс оролцож, арга хэмжээ авахыг уриалсан мэдэгдэл хийлээ.

Нолан Уэллс нь 7-р сарын 4-ний өдөр Хорн арал руу аяллын үеэр сураггүй алга болсон бөгөөд хэд хоногийн дараа түүний цогцос олджээ. Одоогоор эрх баригчид түүний үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд ямар нэгэн сэжигтэн илрүүлээгүй, баривчилгаа хийгээгүй байна. Хэрэг мөрдөн шалгах шатандаа үргэлжилж байгаа боловч олон нийтийн дунд асуулт, эргэлзээ ихээр төрж байна.

Террелл Оуэнс өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан энэхүү эмгэнэлт явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: "Дональд Ж. Трамп, таныг энэ нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохыг уриалж байна. Нолан Уэллсийн гэр бүл, найз нөхөд хариулт хүлээж байна" хэмээн мэдэгдсэн байна. Оуэнс хэлэхдээ, хэрэв Трамп хөлбөмбөгийн тэмцээний асуудалд оролцож чаддаг бол энэ хэрэгт ч мөн адил анхаарал хандуулах ёстой гэж үзжээ.

Хэргийн нөхцөл байдлыг эргэн сануулахад, Уэллс найзуудынхаа хамт завьтай аялалд явсан боловч эргэж ирэх үед нь алга болсон байжээ. Түүнийг хамгийн сүүлд 7-р сарын 4-ний өдөр цэнхэр өнгийн усны шорттой, цамцгүй, нарны шилтэй байхыг харсан байна. Түүнийг алга болсны дараа эрэн хайх ажиллагаа эхэлж, 7-р сарын 6-ны өдөр Хорн арлын баруун хойд хэсгээс цогцсыг нь олсон юм.

Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу, тэр дундаа хор судлалын шинжилгээ болон үхлийн шалтгаан (осол эсвэл гэмт хэрэг) одоогоор тодорхойгүй байна. Энэхүү тодорхойгүй байдлаас болж Уэллсийн гэр бүл иргэний эрхийн алдартай өмгөөлөгч Бен Крамп-ыг хөлсөлж, бие даасан шинжилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа ажээ. Хэдийгээр Холбооны мөрдөх товчоо (FBI) хэрэгт оролцож байгаа ч одоогоор ямар нэгэн сэжигтэн тогтоогдоогүй байна.