Реппер Норт Уэст болон дуучин Молли Сантана нар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан "Kimokawaii Tour" аялан тоглолтоо цуцалжээ. Уг аялан тоглолтын хүрээнд Хойд Америкийн хотуудад 14 тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм.
Тоглолт цуцлагдсан нь Ticketmaster болон AXS зэрэг тасалбар борлуулагч сайтууд дээрх мэдээллүүдээс тодорхой болсон бөгөөд Даллас, Торонто, Лос-Анжелес зэрэг хотуудад хийхээр төлөвлөсөн тоглолтуудыг цуцалсан гэж тэмдэглэжээ. Мөн ихэнх тоглолтын мэдээлэл тухайн тайзны газар болон нийтийн эзэмшлийн вэбсайтуудаас хасагдсан байна.
Норт Уэст өөрийн Instagram хуудсаараа дамжуулан энэхүү мэдээллийг баталж, "Би Молли Сантанатай хамт аялан тоглолт хийхдээ маш их баяртай байсан ч харамсалтай нь энэ боломжгүй боллоо. Гэхдээ би та бүхэнд зориулсан онцгой зүйл бэлдсэн байгаа, удахгүй уулзацгаая" хэмээн мэдэгджээ.
Дуучин Молли Сантана шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж, "Тоглолтын тасалбар худалдаж авсан бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Та бүхэн завгүй цагаа гаргаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тасалбар авсныг би маш сайн ойлгож байна. Та бүхний дэмжлэгийг би хэзээ ч үл тоомсорлохгүй бөгөөд энэ алдагдсан боломжийг заавал нөхөх болно" гэж илэрхийлсэн байна.
Энэхүү аялан тоглолт нь Канье Уэст болон Ким Кардашьяны охин, Норт Уэст-ийн хувьд анхны бие даасан аялан тоглолт болох байсан юм. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард анхны EP цомог болох "N0rth4evr"-ээ гаргаж байсан билээ. Харин Молли Сантанагийн хувьд өнгөрсөн жил хоёр дахь студийн цомог болох "Molly And Her Week of Wonders"-оо гаргасан туршлагатай уран бүтээлч юм.