АНУ-ын Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд (Central Park) 150 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн морин тэрэгний бизнес эсэргүүцэлтэй тулгарлаа. Саяхан болсон эмгэнэлт ослын улмаас 18 настай Энэтхэг өсвөр насны хүү Романч Махажан амиа алдсан нь хотын удирдлагуудыг ийм шийдвэрт хүргэв.

Талийгаач хүү ахлах сургуулиа төгссөнөө тэмдэглэхээр гэр бүлийнхний хамт аялал хийж байх үедээ энэхүү харамсалтай явдалд өртжээ. Түүний аав Дипак Махажаны ярьснаар, морин тэрэгний морь гэнэт цочиж, жолоочийн удирдлагаас гарсны улмаас хүүгийн ээж тэрэгнээс унасан байна. Ээжийгээ аврах гэж оролдсон Романч тэрэгнээс үсрэн буух үедээ толгойгоо газар хүчтэй цохиж, улмаар эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алджээ.

Хотын дарга Зохран Мамдани болон бусад албаны хүмүүс энэ явдлын дараа морин тэрэгний үйлчилгээг хотын гудамжнаас бүрмөсөн халах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байна. Амьтны эрхийг хамгаалагчид болон иргэдийн зүгээс ч олон жилийн турш энэхүү үйлчилгээг аюултай, бас амьтныг харгис аргаар ашигладаг гэж шүүмжилсээр ирсэн юм.

Нью-Йоркийн алдарт төв цэцэрлэгт хүрээлэнгийн морин тэрэг нь жуулчдын сонирхлыг татдаг гол үзмэрүүдийн нэг байсан ч энэ удаагийн үхэлд хүргэсэн ослын дараа тус салбарын ирээдүй бүрхэг боллоо. Хотын удирдлагууд одоо энэхүү уламжлалыг бүр мөсөн зогсоох хуулийн төсөл дээр ажиллаж эхэлжээ.