АНУ-ын Нью-Йорк хотын Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо агаарын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хоёр ч тохиолдол гарчээ.
Даваа гарагийн өглөө зорчигч тээврийн JetBlue компанийн онгоц 3,000 фут буюу 914 метрийн өндөрт, эрэг орчмоор нисэж байх үедээ дрон мөргөсөн байж болзошгүй гэх мэдээллийг нисгэгч өгсөн байна. Азаар уг онгоц Нью-Йорк хотод ямар нэгэн тусламжгүйгээр аюулгүй газардсан бөгөөд үзлэгийн явцад онгоцноос ямар нэгэн гэмтэл илрээгүй байна.
Үүнээс хэдхэн цагийн дараа мөн тус нисэх онгоцны буудлын ойролцоо нисдэг тэрэгний нисгэгч алсын удирдлагатай онгоцтой мөргөлдөх дөхсөн аюултай нөхцөл байдал үүссэнийг мэдээлжээ.
Холбооны нисэхийн удирдлагын газар (FAA) эхний тохиолдлыг нарийвчлан шалгаж эхлээд байна.