АНУ-ын улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн, Нью-Йорк хотын экс хотын дарга Руди Жулиани эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Тед Гудман мэдэгдлээ. 81 настай Жулиани ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн, хэр удаан эмчлүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Тед Гудман олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ: “Хотын дарга Жулиани бол амьдралдаа тулгарсан бүхий л сорилтыг шантрашгүй хүчээр давж гарч байсан дайчин хүн. Тэр одоо ч гэсэн яг л тэр хэвээрээ тэмцэж байна” гэжээ.
Руди Жулиани нь АНУ-д нэр хүндтэй улс төрч бөгөөд 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын үеэр Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан юм. Тэрээр мөн Дональд Трампын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2020 оны сонгуулийн дараах Трампын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн кампанит ажлыг удирдан зохион байгуулж байсан билээ.
Жулианигийн биеийн байдлын талаарх нэмэлт мэдээлэл хараахан гараагүй байна. Түүний эрүүл энхийн төлөө санаа тавьж буй олон нийтэд ойрын хугацаанд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.