Ойрхи Дорнодын бүс нутагт геополитикийн нөхцөл байдал эрс хурцдаж, АНУ болон Ираны хооронд шууд мөргөлдөөн үүсээд байна. Сүүлийн 48 цагийн дотор хоёр тал цэргийн томоохон байгууламжуудаа онилон харилцан цохилт өгч эхэллээ.

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны өмнөд хэсэгт байрлах цэргийн стратегийн чухал объектуудад агаараас цохилт өгсөн юм. Үүний хариуд Ираны тал Кувейт, Бахрейн, Йордан улсуудад байрлах АНУ-ын цэргийн бааз болон хөрөнгүүдийг онилон пуужингийн болон дроны дайралт хийжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд үүсээд байсан далд өрсөлдөөн ил задгай зэвсэгт мөргөлдөөн болон хувирч байгааг харуулж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн үйл явдал нь бүс нутгийн тогтвортой байдалд төдийгүй дэлхийн газрын тосны зах зээлд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Одоогоор хохирлын хэмжээ болон хүний амь насны талаарх албан ёсны мэдээлэл харилцан адилгүй байна. АНУ-ын засаг захиргаа хариу арга хэмжээ авах байр суурьтай байгаа бол Ираны тал өөрийгөө хамгаалах эрхийн хүрээнд энэхүү үйлдлийг хийсэн гэж мэдэгдлээ.

Олон улсын хамтын нийгэмлэг талуудыг нэн даруй гал зогсоож, дипломат замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. НҮБ-ын зүгээс мөргөлдөөн өргөжин тэлэхээс сэргийлэх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулсаар байна.