Америкийн алдартай дуучин, дуу зохиогч Оливия Родриго Брүүклинд гэнэтийн, ойр дотно уур амьсгалтай тоглолт хийжээ. Тэрээр тоглолт болохоос ердөө хэдхэн цагийн өмнө зарласан бөгөөд Брүүклиний Гринпойнт дахь Warsaw хэмээх газарт болсон уг арга хэмжээнд 1000 орчим хүн цугларсан байна.
Тоглолтын тасалбар богино хугацаанд бүрэн зарагдаж дууссан бөгөөд Родриго нийт 15 дуунаас бүрдсэн сет-лист тоглосон байна. Үүнд түүний шинэ цомог болох «You Seem Pretty Sad For A Girl So In Love»-ын дуунууд голчилжээ. Тодруулбал, «My Way», «U + Me = <3», «Maggots For Brains» болон «Expectations» зэрэг дуунууд олон нийтийн өмнө анх удаа амьдаар дуулагдсан байна.
Тоглолтын дараа дуучин бүсгүй өөрийн анхны Bandcamp хуудсыг нээсэн бөгөөд одоогоор уг хуудсанд шинэ цомгийнх нь «Purple (Happy Version)» хэмээх хувилбар байршжээ. Энэхүү дууны борлуулалтаас орох орлогыг Daisy Chain Fields Fund санд хандивлахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү сан нь Оливия Родригогийн зохион байгуулах гэж буй эмэгтэй уран бүтээлчдийн «Daisy Chain Field» фестивальтай холбоотой юм. Тус фестиваль Калифорни мужийн Ирвин хотод болох бөгөөд бүрэлдэхүүнд Chappell Roan, Bikini Kill, Doechii, Garbage, Stevie Nicks болон Karen O нар багтжээ. Түүнчлэн Оливия Родриго ирэх сараас эхлэн «Unraveled» дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байна.