Кени улс 2022 онд допингийн зөрчил ихэссэний улмаас олон улсын хөнгөн атлетикийн тэмцээнүүдээс хасагдах дөхөж байсан ч энэ эрсдэлээс мултарч чадсан билээ. Гэвч үүнээс дөрвөн жилийн дараа ч уг асуудал арилахгүй хэвээр байна. Есдүгээр сарын тайланд дурдсанаар 34 гаруй Кени тамирчин допингтой холбоотой зөрчлийн улмаас эрхээ түр түдгэлзүүлээд байгаа аж. Мөн саяхан Перес Жепчирчирийн эрхийг түр түдгэлзүүлсэн нь олон улсын тавцан дахь Кенийн нэр хүндэд санаа зовох асуудлыг улам нэмэгдүүлжээ.
Үүнтэй холбогдуулан 2016 оны олимпын мөнгөн медальт, жад шидэлтийн тамирчин Жулиус Йего дараалсан допингийн хэргүүд Кенийн хөнгөн атлетикт учруулж буй хор хохирлын талаар дуугарчээ. Тэрбээр аравдугаар сарын 26-нд X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан нийт тамирчдадаа хандаж, өмнөх аваргуудынхаа үлдээсэн өвийг санаж, улсынхаа нэр хүндийг хамгаалахыг уриалсан байна.
Йего 2004 оны Афины олимпыг үзэж байхдаа хөнгөн атлетикийн спортыг хайрлах болсноо дурссан юм. Тухайн үед эрэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтэд Кенийн тамирчид болох Эзекиэль Кембой, Бримин Кипруто, Пол Кипсиэле Коэч нар эхний гурван байрыг эзэлж байжээ. Энэхүү амжилт нь залуу Кеничүүдэд эх орноо төлөөлөн олон улсад өрсөлдөх мөрөөдлийг төрүүлсэн гэж тэрбээр тэмдэглэв.
Харин одоо энэхүү хүндэтгэл допингийн тасралтгүй хэргүүдээс болж сэвтэж байна гэж тэр үзэж байна. Йего “Бидний нэр хүнд сэвтэж, допингийн төгсгөлгүй хэргүүдээс болж бидэнд үзүүлдэг байсан хүндэтгэл өдөр ирэх тусам буурч байна. Кени тамирчны хожил бүр ‘сэжигтэй’ гэж харагдах болсон нь гунигтай, ичгэвтэр явдал” хэмээн бичжээ.
Түүнчлэн тэрбээр одоогийн тамирчдад Кипчоге Кейно зэрэг өмнөх үеийн аваргуудын бүтээсэн нэр хүндийг хамгаалж, шударгаар бэлтгэл хийж, дүрэм зөрчихгүйгээр амжилтад хүрч болдгийг залуу үедээ үлгэрлэхийг сануулсан байна. Мөн допингийн шийтгэл нь тамирчдад итгэж, дэмжиж ирсэн гэр бүл, найз нөхөд, хөгжөөн дэмжигчдэд ч хүнд цохилт болдгийг Йего онцолжээ.