Олимпын хошой аварга, дэлхийн олон төрөлтийн аварга Алия Мустафина хамгийн сүүлд 2019 оны гуравдугаар сарын 23-нд Бирмингемд болсон Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдсөнөөс хойш дахин дэвжээнд гараагүй юм. Тэрбээр уг тэмцээнд тэнцвэрийн модон дээрээс унасан ч алдаагаа засаж, 53.564 оноогоор олон төрөлтийн алтан медаль хүртэж байжээ. Бэртлийн улмаас 2019 оны ДАШТ болон Европын наадмыг өнжиж, улмаар 2021 оны зургаадугаар сард албан ёсоор зодог тайлснаа зарласан байна.

Тэгвэл хамгийн сүүлд өрсөлдсөнөөсөө хойш 7 жилийн дараа буюу 2026 оны аравдугаар сарын 16-нд Мустафина Нидерландын Роттердам хотын «Rotterdam Ahoy» ордонд ДАШТ-ий тавцанд дасгалжуулагчийн дүрээр эргэн ирлээ. Тэрбээр тавцангийн бэлтгэлийн үеэр Оросын гимнастикчдад тэнцвэрийн модны төрөлд тусалж байгаа юм.

Роттердамын энэ ордон Мустафинагийн хувьд онцгой түүхтэй газар бөгөөд тэрбээр 16 жилийн өмнө буюу 2010 онд 16 настайдаа энд анх удаа ДАШТ-д оролцож, 61.032 оноогоор дэлхийн олон төрөлтийн аварга болж байв. Мөн тэр жилээ багийн алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Мустафина энэ удаагийн эргэн ирэлтийнхээ талаар «Би дасгалжуулагчаар ажиллаад таван жил болж байна. Энэ бол миний дасгалжуулагчийн хувиар оролцож буй анхны ДАШТ тул тун сонирхолтой байна. Стрессийн хувьд адилхан ч тамирчин байх үед бие махбодын хувьд хамаагүй хүнд байдаг» хэмээн ярьжээ.

Гэвч түүний эргэн ирэлт Оросын багийн хувьд таагүй мэдээтэй давхацлаа. Дэлхийн олон төрөлтийн аварга Ангелина Мельникова, Токио 2020 оны олимпын багийн аварга Виктория Листунова, Европын олон төрөлтийн мөнгөн медальт Анна Калмыкова нарын визийн мэдүүлгээс Нидерландын тал татгалзсан тул тэд тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Оросын Гимнастикийн холбооны мэдээлснээр Шенгений бүсийн нэг буюу хэд хэдэн улс тэднийг олон улсын харилцаанд заналхийлж байна гэж үзсэн тул виз олгохоос татгалзсан байна.