Чихэвч турших чиглэлээр ажилладаг Mashable цахим хуудасны тоймч онгоцоор нисэх үед авч явахад хамгийн тохиромжтой дуу чимээ тусгаарлагчтай (ANC) чихэвчүүдийг онцоллоо. Тэрбээр уг жагсаалтыг гаргахдаа тав тух, авсаархан байдал, дуу чимээ тусгаарлах чадал, цэнэгээ барих хугацаа болон үнэ цэнийг гол шалгуур болгосон байна.
Нислэгт зориулсан шилдэг сонголтууд нь заавал хамгийн үнэтэй загварууд байх албагүй бөгөөд тухайлбал хоёр дахь үеийн Bose QuietComfort чихэвч хамгийн өндөр үнэтэй нь биш ч тоймчийн саяхан хийсэн онгоцны аяллын үеэр түүний дуртай сонголтуудын нэг болжээ. Тус жагсаалтад багтсан чихэвчүүд бүгд дунджаас дээгүүр дуугаралттай төдийгүй гар тээшинд сэгсрэгдэхэд тэсвэртэй бат бөх чанартайг тоймч тэмдэглэсэн байна.
Үнэ болон сонголтын онцлог
Онгоцоор аялахад зориулсан сайн чанарын дуу чимээ тусгаарлагчтай чихэвч авахад ихэнх тохиолдолд 200-аас 450 ам.доллар зарцуулах бэлтгэлтэй байх шаардлагатай аж. Дээд зэрэглэлийн чихэвчүүд нь идэвхтэй дуу чимээ тусгаарлалтыг илүү сайн хийж, тохиргоог өөрчлөх боломж олгохоос гадна онгоцны буудлын зарлан мэдээллийг сонсох зориулалттай орчны дууг нэвтрүүлэх (transparency) горимтой байдаг.
Харин 50 ам.долларын үнэтэй, идэвхгүй тусгаарлагч бүхий хямд загварууд нь их хэмжээний дуу чимээг нэвтрүүлдэг, төхөөрөмж хооронд шилжиж холбогдоход хүндрэлтэй эсвэл өмсөхөд эвгүй байх талтайг тоймч анхааруулжээ. Түүнчлэн урт нислэгт тав тух хамгийн чухал тул зөвхөн дуу чимээ тусгаарлалт төдийгүй хадгалахад хялбар шийдэлтэй загварт давуу тал олгосон байна.
Хэрэв 200 гаруй ам.доллар өндөр санагдвал 100 ам.доллароос доош үнэтэй сонголтууд байх ч зарим талаар дутагдалтай байдаг аж. Түүнчлэн чих хучдаг (over-ear) загварын оронд дуу чимээ тусгаарлагчтай утасгүй жижиг чихэвч (earbuds) сонгох эсвэл Bose, Sony, Apple зэрэг брэндийн хямдралыг хүлээх боломжтойг мөн зөвлөжээ.