Олон улсын харилцааны хамгийн сонирхолтой гурвалжин гэгддэг Орос-Энэтхэг-Хятад (RIC) улсуудын дипломат яриа хэлэлцээ дахин олны анхааралд орж ирлээ. Хэдийгээр одоогоор албан ёсны уулзалт эсвэл дээд хэмжээний уулзалт товлогдоогүй байгаа ч талуудын өгч буй дохио нь хамтын ажиллагааг сэргээх сонирхолтой байгааг илтгэж байна.

2025 он гарсаар Москва хот RIC форматыг дахин идэвхжүүлэх санал гаргаад байгаа юм. Энэхүү гурвалжин нь өмнө нь дэлхийн бодлогод тодорхой нөлөө үзүүлж байсан ч сүүлийн жилүүдэд Энэтхэг болон Хятадын хилийн маргаан, геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн царцанги байдалд ороод байсан билээ. Өдгөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ гурвалжингийн ач холбогдлыг онцлон ярьж байгаа нь нөхцөл байдал өөрчлөгдөж буйн шинж гэж шинжээчид үзэж байна.

Энэтхэгийн тал энэ асуудалд харьцангуй болгоомжтой хандаж байгаа ч "харилцан тохиромжтой байдлаар" уулзалт зохион байгуулах боломжтой гэсэн нээлттэй байр суурийг илэрхийлэв. Энэ нь Энэтхэг улс өөрийн стратегийн ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ олон туйлт дэлхийн бодлогод өөрийн байр суурийг бэхжүүлэх оролдлого хэмээн харагдаж байна. Харин БНХАУ-ын хувьд Москва болон Шинэ Делитэй гурвалсан хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбоогоо хадгалахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь дипломат харилцааны шинэ хуудас нээгдэж болохыг сануулж байна.

Монгол Улсын хувьд хөрш зэргэлдээ болон стратегийн түнш орнуудын энэхүү идэвхжил нь бүс нутгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна. Хэрэв RIC формат дахин сэргэвэл энэ нь зөвхөн гурван улсын төдийгүй Евразийн бүс нутгийн геополитикийн тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай. Одоогоор талууд яриа хэлэлцээний эхний шатанд байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөхийг дэлхий нийтээрээ ажиглаж байна.