ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн хөлөг онгоц гэгддэг 'Graceful' тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц бараг дөрвөн жилийн хугацаанд анх удаа радарт үзэгдсэн талаар Данийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн DR байгууллага мэдээллээ.

Marinetraffic.com сайтын мэдээллээр уг хөлөг онгоц Данийн хойд эрэг дагуу даваа гарагт аялсан байна. DR-ийн мэдээлснээр, ням гарагийн өглөөнөөс эхлэн уг хөлгийг Оросын хоёр байлдааны хөлөг дагалдан явжээ. Үүний зэрэгцээ Данийн тэнгисийн цэргийн хүчин болон Германы эргийн хамгаалалтынхан ээлжлэн хяналт тавьсан байна.

Данийн зэвсэгт хүчний зүгээс энэ үйл явцыг ердийн хяналт шалгалтын ажиллагаа хэмээн тайлбарлажээ.