ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн шөнө Украины өмнөд бүсийн Днепр, Кривой Рог болон Павлоград зэрэг аж үйлдвэрийн хотууд руу баллистик пуужин харвасан байна. Энэхүү халдлагын улмаас наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар Днепропетровск мужийн захирагч Александр Ганжа мягмар гарагт өөрийн Telegram хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Мужийн захирагчийн мэдээлснээр хохирол, бэртэл гэмтэл Днепр хотод бүртгэгдсэн байна. Тус хотод цохилтод өртсөн аж үйлдвэрийн байгууламжийн нуранги дор хүмүүс дарагдсан хэвээр байгаа гэж үзэж байгаа аж.

Нөгөө талд ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины металлурги, хими, эрчим хүч болон зэвсэглэлийн салбарын байгууламжуудад цохилт өгснөө баталсан байна.