ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дижитал валют болон дижитал эрхийг зохицуулах тухай шинэ хуулийг баталлаа. Энэхүү хуулиар ОХУ-д криптовалютын арилжааг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа ч иргэд Биткоиныг бараа бүтээгдэхүүн худалдан авах төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжгүй хэвээр үлдэв.

Шинэ хуулийн зохицуулалт

Tass агентлагийн мэдээлснээр, шинэ хуулийн дагуу зөвхөн бүртгэлтэй этгээдүүд л криптовалютын арилжаа эрхлэх эрхтэй болох юм. Мөн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын арилжаа хийх хэмжээнд 300,000 рублийн (3,700 ам.доллар) хязгаарлалт тогтоосон байна. Харин мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд ямар нэгэн хязгаарлалт байхгүй гэдгийг тус хуульд заажээ. ОХУ-д 2022 оноос хойш криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд энэ удаагийн шинэ хуулиар ч мөн адил дижитал валютыг төлбөрийн хэрэгсэл эсвэл хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг үргэлжлүүлэн хориглож байна.

Гадаад худалдаа ба олборлолт

Хэдийгээр дотоодын зах зээлд ашиглахыг хориглосон ч ОХУ-ын иргэд дижитал валютыг гадаад худалдааны гэрээний төлбөр тооцоонд болон криптовалют олборлох үйл ажиллагаанд ашиглах боломжтой хэвээр байна. Энэ нь ОХУ-ын хувьд барууны хориг арга хэмжээнээс зайлсхийх нэг арга зам байж болзошгүй гэж үзэж байна.

Путины байр суурь

ОХУ-ын удирдагч Владимир Путин өмнө нь Биткоины талаар эерэг байр суурь илэрхийлж байсан нь олон нийтийн анхаарлыг татдаг. Тодруулбал, 2024 онд тэрээр Биткоиныг хэн ч хориглох боломжгүй гэж мэдэгдэж байв. Түүнчлэн ОХУ-ын эрчим хүчний элбэг нөөц нь криптовалют олборлолтод давуу тал олгодог гэдгийг онцолж байсан юм. Гэсэн хэдий ч Оросын эрх баригчид иргэдийн зарцуулалт болон санхүүгийн урсгалд хатуу хяналт тавих бодлогоо үргэлжлүүлсээр байна.