ОХУ-ын Төв банк криптовалютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах шинэ дүрэм журам боловсруулснаа зарлалаа. Тус банкнаас гаргасан мэдээллээр, "зохион байгуулалттай арилжаа"-ны дүрэмд өөрчлөлт оруулж, "дижитал валют" гэх нэр томьёог нэмж тусгасан байна.
Шинэ зохицуулалтын онцлог
Энэхүү шинэ журам нь криптовалютын бирж зэрэг байгууллагуудад хамаарах бөгөөд тэдгээр нь дижитал хөрөнгийн үнийг тогтоох, хянах, тайлагнах үйл ажиллагаагаа уламжлалт валют болон үнэт цаасны адил системд оруулах шаардлагатай болж байна. ОХУ-ын Төв банкны зүгээс энэхүү алхамыг "криптовалютын зах зээлийг нээх анхны зохицуулалт" хэмээн тодорхойлж, дижитал валют болон дижитал эрхийн арилжааг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байгаагаа мэдэгдлээ.
ОХУ ба криптовалютын харилцаа
ОХУ-д 2022 оноос хойш криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Гэсэн хэдий ч тус улсын хууль тогтоогчид олон улсын тооцоо хийхэд дижитал валютыг ашиглах асуудалд нээлттэй хандаж ирсэн. Тухайлбал, 2023 онд ОХУ-ын парламент олон улсын төлбөр тооцоонд дижитал валютыг ашиглахыг зөвшөөрсөн хуулийг баталсан юм.
Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д эрчим хүчний нөөц ихтэй тул Биткойн олборлолт хийхэд давуу талтай гэдгийг онцолж байсан удаатай. Мөн тэрээр 2024 оны сүүлээр Москвад болсон форумын үеэр Биткойныг мөнгө шилжүүлэхэд туслах шинэ технологи гэж үнэлж, "Биткойныг хэн хориглож чадах юм бэ? Хэн ч чадахгүй" хэмээн мэдэгдэж байв. Одоогоор ОХУ-ын Төрийн Дум криптовалютын салбарыг бүхэлд нь зохицуулах цогц хуулийн төсөл дээр ажиллаж байна.