ОХУ-ын Засгийн газар жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг Дэлхийн II дайнд Германыг ялсны Ялалтын Баярын цэргийн жагсаалыг энэ жил зэвсгийн үзүүлэнгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд анх удаа тохиолдож буй үйл явдал бөгөөд 2007 оноос хойш зэвсэггүйгээр зохион байгуулагдаж байгаа анхны тохиолдол юм.

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар ийм шийдвэр гаргахад Украины зүгээс ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр дундаа Москва хотыг чиглэсэн халдлага сүүлийн үед эрчимжиж байгаа нь нөлөөлсөн байна. Жагсаалын бэлтгэл ажил болон зохион байгуулалтад аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү хязгаарлалт хийгдсэн гэж тайлбарлаж байна.

Ялалтын Баярын жагсаал нь Оросын хувьд асар их ач холбогдолтой бөгөөд Дэлхийн II дайнд нацист Германыг ялсан түүхэн ялалтыг тэмдэглэдэг. Энэхүү баярын хүрээнд цэргийн хүчээ гайхуулах нь уламжлал болсон хэдий ч энэ жилийн хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь Орос-Украины дайн хэрхэн өрнөж буйн тод илрэл болж байна.

Жагсаал хэрхэн зохион байгуулагдах, ямар хэлбэрээр үргэлжлэх талаар ОХУ-ын Засгийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг Уужим.com цаашид хүргэх болно.