Өмнөд Америкийн Парагвай улс нь Итайпу далангаас гардаг хямд усан цахилгаан станцын эрчим хүчний ачаар Биткойн олборлолтын дэлхийн томоохон төвүүдийн нэг болсон билээ. Гэвч тус улсын хямд цахилгааны төлөө хиймэл оюун ухааны (AI) дата төвүүд хүч түрэн орж ирж, шинэ өрсөлдөгч болж байна.
Энэхүү зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх гол шалтгаан нь крипто майнеруудад зориулсан эрчим хүчний тусгай гэрээ 2027 оны 12-р сарын 31-нд дуусахаар төлөвлөгдсөнтэй холбоотой юм. Улмаар олборлогчид илүү өндөр үнээр гэрээгээ шинэчлэх эсвэл тоног төхөөрөмжөө өөр газар луу нүүлгэх шаардлага гарч болзошгүй болоод байна.
2026 онд 350 сая ам.долларын орлого төвлөрүүлнэ
CoinDesk-ийн мэдээлснээр Парагвайн төрийн өмчит эрчим хүчний ANDE компани 2026 онд крипто олборлогчдоос ойролцоогоор 350 сая ам.доллар цуглуулахаар хүлээгдэж байна. Одоогийн байдлаар майнингийн компаниуд нэг мегаватт-цаг тутамд ойролцоогоор 44 ам.долларын тарифаар эрчим хүч авч байгаа нь тэдний ашигт ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг аж.
Харин цаашид тус улсад дотоодын болон бусад аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээ өсөх тул уг зохицуулалтыг хэвээр үлдээх нь зөв шийдэл эсэх асуулт гарч ирж байна. Түүнчлэн инженерүүдийн бүлгээс крипто олборлолт, AI болон дата төвүүдийн нийт эрчим хүчний хэрэглээг 700 мегаваттаар хязгаарлаж, цахилгааныг илүү өндөр үнэ бүхий дуудлага худалдаагаар хуваарилах санал гаргасан ч энэ нь одоогоор засгийн газрын заавал биелүүлэх бодлого болоогүй байна.
Парагвайд үйл ажиллагааны томоохон хүчин чадалтай HIVE Digital Technologies компанийн хувьд үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх нь эрчим хүчний гэрээг хэрхэн дахин тохиролцохоос хамаарна гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хиймэл оюуны салбарын өрсөлдөөн
Хиймэл оюун ухааны дата төвүүд нь тогтвортой, найдвартай эрчим хүч шаарддаг бөгөөд үүнийгээ урт хугацааны гэрээ болон өндөр үнээр баталгаажуулах боломжтой байдаг. Тухайлбал, Iguazú AI City төсөлтэй холбоотой нэгэн компани аль хэдийн урт хугацааны цахилгааны гэрээгээ хийгээд байгаа ажээ.
Энэ нь майнеруудад шинэ өрсөлдөгч болж буй ч нөгөө талаар сүлжээнд илүүдэл эрчим хүч үүсэх үед уян хатан хэрэглээ үзүүлэх боломж Биткойн олборлогчдод бий. Эрчим хүчийг тооцоолох чадал болгон хувиргах энэхүү өрсөлдөөн дэлхий даяар өрнөж байгаа бөгөөд цаашид зохицуулагч байгууллагууд найдвартай орлого, ажлын байр, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үнэлэхээс эцсийн үр дүн шалтгаалах юм.