Палестиныг дэмжигч идэвхтнүүд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах гэж буй Израилийн үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэнг хориглуулах хүсэлтийг тус улсын шүүхэд гаргасан тухай эх сурвалжууд пүрэв гарагт Agence France-Presse (AFP) агентлагт мэдээлжээ.

Франц-Палестины NIDAL холбооноос "Icube" үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын 9 дэх удаагийн арга хэмжээний эсрэг яаралтай горимоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд тус үзэсгэлэнг хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа аж.

Эсэргүүцэгчдийн мэдэгдэж буйгаар уг үзэсгэлэн нь эзэлсэн газар нутагт суурьших хүсэлтэй еврей иргэдэд урамшуулал санал болгодог байна.

Төлөвлөгөө ёсоор уг үйл ажиллагаа ирэх ням гарагт Франц дахь Европын Иудаизмын төвд (European Centre for Judaism) зохион байгуулагдахаар товлогджээ.