Хятадын хэт хурдан загварын (ultra-fast fashion) аварга компани болох Shein удахгүй Парис хотын төвд байрлах түүхэн их дэлгүүрээс гарч магадгүй болжээ. "BHV Marais" их дэлгүүрийг эзэмшдэг "La Societe des Grands Magasins" (SGM) компани Shein-тэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна.
Нотр-Дам сүмээс холгүй, Парис хотын захиргааны эсрэг талд байрлах энэхүү түүхэн их дэлгүүр нь Shein-ийн хувьд Франц дахь анхны биет дэлгүүрийн байршил байсан юм. Гэвч тус дэлгүүрийн эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, гүйцэтгэх захирал Карл-Стефан Коттендины тэргүүлсэн баг дэлгүүрийг худалдаж авснаар ийм шийдвэр гарчээ. Францын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, энэ оны зул сарын баяраас өмнө Shein-ийн салбар дэлгүүр бүрмөсөн хаагдах төлөвтэй байна.
Shein нь дэлхий даяар онлайн худалдааны салбарт тэргүүлэгчдийн нэг ч, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хөдөлмөрийн нөхцөл, хэт их үйлдвэрлэл зэрэг асуудлаар байнга шүүмжлэлд өртдөг брэнд юм. Францын загварын салбарынхан болон байгаль орчныг хамгаалагчид тус брэндийг "хэт хурдан загвар"-ын жишгээр байгаль орчныг бохирдуулж байна хэмээн эсэргүүцсээр ирсэн. Энэхүү эсэргүүцэл нь тус компанийг Парисаас шахагдан гарахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Shein-ийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч, энэ үйл явдал нь хурдан загварын салбарын компаниудад уламжлалт дээд зэрэглэлийн зах зээлд байр сууриа олоход хүндрэлтэй байгааг харуулж байна.