Дэлхийн поп хөгжмийн ертөнцийн хатан хаан гэгддэг Мадонна Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан Трибекагийн олон улсын кино наадмын үеэр өөрийн шинэ бүтээл болох 'Confessions II' баримтат киноныхоо дэлхийн нээлтийг хийлээ. Энэхүү кино нь түүний уран бүтээлийн замнал болон хувийн амьдралын сонирхолтой агшнуудыг харуулсан байна.
Киноны нээлтийн үйл ажиллагаанд орчин цагийн поп хөгжмийн од Сабрина Карпентер, Колумбийн алдарт дуучин Фейд, жүжигчин Деби Мазар болон нэрт жүжигчин Бенедикт Камбербэтч зэрэг салбар салбарын нөлөө бүхий уран бүтээлчид хүрэлцэн ирж, Мадоннаг дэмжсэн юм. Сабрина Карпентер бол сүүлийн үед дэлхийн хөгжмийн чартуудыг тэргүүлж буй залуу дуучин бол Бенедикт Камбербэтч нь 'Шерлок' цувралаараа олонд танигдсан Холливудын чадварлаг жүжигчин билээ.
Киноны тусгай үзвэрийн дараа Мадонна киноны найруулагчид болон нэрт сэтгүүлч Андерсон Купер нартай хамт тайзан дээр гарч, үзэгчдийн сонирхсон асуултуудад илэн далангүй хариулжээ. Ярилцлагын үеэр тэрээр өөрийн уран бүтээлийн үйл явц болон өнөөгийн поп соёлд үзүүлж буй нөлөөллийнхөө талаар хуваалцсан байна.
Мадонна нь 1980-аад оноос хойш хөгжмийн ертөнцөд хувьсгал хийж, өнөөг хүртэл өөрийн байр суурийг хадгалсаар ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг юм. Түүний энэхүү шинэ баримтат кино нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд поп одны амьдралын нууцлаг талуудыг нээх томоохон үйл явдал боллоо.