Английн хөгжмийн продюсер Elderbrook (Alex) Ninja Tune-ий харьяа Counter Records лейблтэй албан ёсоор гэрээ байгуулж, өөрийн дөрөв дэх студийн цомгоо зарлалаа. Түүний “Heart on a Wire” нэртэй шинэ цомог ирэх 1-р сарын 22-нд сонсогчдын хүртээл болох юм.

Энэхүү цомог нь нийт 10 дуунаас бүрдэх бөгөөд рок хөгжмийн хэв маягийг электрон хөгжимтэй хослуулсан, илүү дотно уур амьсгалтай байх аж. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар уг бүтээлийн гол сэдэв нь залуу насны эмзэг нандин чанар, өөрийгөө гээх мэдрэмж болон бага насны сониуч, нээлттэй зангаа эргэн олох урт үйл явцыг өгүүлэх юм байна. Цомгийн анхны сингл болох “Lost In the View” дуу мягмар гарагт (10-р сарын 13) цацагдсан бөгөөд цомгийн ковер зургийг Porter Robinson, Fontaines D.C. зэрэг уран бүтээлчидтэй ажиллаж байсан бүтээлч захирал Чарли Дринквотер бүтээжээ.

Elderbrook нь Spotify дээр сар бүр 9.9 сая гаруй сонсогчтой бөгөөд 2017 оны Camelphat-тай хамтарсан алдарт “Cola” болон Bob Moses-тэй хамтарсан “Inner Light” зэрэг олон амжилттай бүтээлтэй юм. “Inner Light” дуу нь өнгөрсөн намар Billboard-ийн Hot Dance/Electronic Songs чартын 13-р байранд бичигдэж байв. Түүний өмнөх цомог “Another Touch” нэртэйгээр 2024 онд Mine Recordings-ээр дамжин гарч байжээ.

Уран бүтээлч шинэ цомгийнхоо талаар хуваалцахдаа: “Ninja Tune-тэй хамтран өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг шингээсэн цомог гаргаж байгаадаа баяртай байна. Энэ нь миний анхнаасаа бүтээхийг хүсэж байсан хөгжим шиг санагдаж байгаа бөгөөд илүү үнэнч, хувийн мэдрэмжээ тусгаж чадсан” гэж мэдэгдсэн байна.