Америкийн алдарт реппер, "Only The Family" (OTF) хөгжмийн лейблийг үүсгэн байгуулагч Lil Durk-ийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг улам бүр хүндэрч байна. Холбооны прокурорууд түүнийг өмнө нь тулгаад байсан захиалгат аллагын хэрэг дээр нэмж, бүлэглэлийн хүчирхийлэл болон рекет хийсэн гэх ноцтой үндэслэлүүдийг нэмэлтээр танилцууллаа.
Lil Durk буюу жинхэнэ нэр нь Дюрк Бэнкс нь Чикагогийн реп урсгалын томоохон төлөөлөгч бөгөөд Billboard чартуудыг удаа дараа тэргүүлж байсан нөлөө бүхий уран бүтээлч юм. Түүнийг өөрийн OTF бүлэглэлийн гишүүдийг ашиглан өрсөлдөгчөө устгахыг завдсан, мөн аллага үйлдсэн гэх хэрэгт сэжиглэн өнгөрсөн сард баривчилсан билээ.
Прокуроруудын зүгээс гаргасан энэхүү шинэ нэмэлт нь түүнийг зөвхөн нэг удаагийн гэмт хэрэгт бус, харин зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлж, удирддаг байсан гэх үндэслэлд суурилж байна. Энэ нь шүүх хурлын явцад репперийн хувьд маш эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж буй юм.
Харин Lil Durk-ийн өмгөөлөгчид прокуроруудын энэхүү үйлдлийг эрс эсэргүүцэж байна. Тэдний үзэж буйгаар, энэ бол мөрдөн байцаалтын явцад нотлох баримт дутмаг байгаагаа хүлээн зөвшөөрсөн, прокуроруудын "өрөвдмөөр, сул дорой алхам" ажээ. Өмгөөлөгчдийн баг энэхүү шинэ зүйл анги нь хэргийг улс төрийн эсвэл олон нийтийн анхаарлыг татах зорилгоор хэтрүүлж буй хэрэг гэж мэдэгдсэн байна.
Одоогоор рэппер саатуулагдан шалгагдаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэрээр бүх насаараа хоригдох ял сонсох аюултай байгаа юм. Энэхүү хэрэг нь зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй Америкийн реп соёлын далд ертөнц дэх хүчирхийллийн асуудлыг дахин нэг удаа хурцаар хөндөж байна.