Их Британийн алдарт дуучин Рик Эстли Шеффилд хотын Хиллсборо паркад болсон “Tramlines” хөгжмийн наадмын үеэр Blossoms хамтлагийн тайзан дээр гэнэтийн зочин болж гарч ирлээ.
Стокпорт хотын инди-рок урсгалаар уран бүтээл туурвидаг Blossoms хамтлаг өөрсдийн зургаа дахь студийн цомог болох “Songs From The Wedding Cake”-ийн гол дуу болох ‘Joke About Divorce’-ийг дуулах үед Рик Эстли тэдэнтэй нэгдсэн юм. Энэхүү дууны студийн хувилбарт тэрээр арын хоолойг хийж, клипэнд нь ч мөн оролцсон байна.
Blossoms хамтлагийн хувьд энэ удаагийн наадамд Declan McKenna-гийн арын хоолойгоор чимсэн ‘Meet Me In Love’ дуугаа анх удаа үзэгчдийн өмнө амьдаар дуулжээ. Тэдний шинэ цомог ирэх аравдугаар сарын 2-нд худалдаанд гарахаар товлогдсон бөгөөд үүнийгээ угтаж хамтлаг энэ оны сүүлээр томоохон хэмжээний аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна.
Рик Эстли болон Blossoms хамтлаг нь урт хугацааны туршид хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Тэд өмнө нь 2021 онд Лондонд болсон тоглолтын үеэр The Smiths хамтлагийн дуунуудыг хамтран дуулж байсан нь олны анхаарлыг ихэд татаж байсан билээ.