Гольфын ертөнцийн шилдэг тамирчдын нэг, Masters тэмцээний аварга Рори Макилрой Дубайд төвтэй ложистикийн DP World компанитай олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус компанийн дэлхийн элч боллоо. Мөн DP World нь түүний ложистик болон нийлүүлэлтийн сүлжээний онцгой түншээр ажиллахаар болсон байна.

Энэхүү гэрээ нь зөвхөн ханцуй дээрх логогоор хязгаарлагдахгүй бөгөөд Макилройн бэлтгэл, нөхөн сэргээх үйл явцыг бүрэн хангахад чиглэжээ. Тодруулбал, PGA Tour болон DP World Tour-ийн тэмцээнүүдийн үеэр түүнд зориулсан хоёр тусгай чиргүүлийг тээвэрлэн хүргэж, гаалийн бүрдүүлэлтээс эхлээд бүх ложистикийг DP World хариуцах аж. Чиргүүлүүдэд хүчний болон кардио төхөөрөмж, хэт улаан туяаны саун, хүйтэн усны банн болон Hyperice нөхөн сэргээх станц зэрэг бүрэн тоног төхөөрөмж багтжээ.

Макилрой энэхүү түншлэлийн талаар DP World Tour-аас нийтэлсэн мэдэгдэлдээ долоо хоног бүр ижил орчинд бэлтгэл хийж, нөхөн сэргэх нь тоглолтдоо төвлөрөхөд маш том тус дэм болно гэдгийг онцолсон байна. DP World группын гүйцэтгэх захирал Ювраж Нараян энэхүү хамтын ажиллагааг тамирчны амжилтыг бизнесээр дэмжих шинэ жишиг хэмээн тодорхойлжээ.

Сонирхуулахад, DP World Tour өмнө нь хэд хэдэн дэлхийн элч нартай хамтарч байсан түүхтэй. Тухайлбал, DP World Tour 2019 онд анхны элчээрээ Иан Поултерыг сонгож байсан бол 2023 оны сүүлээр Сачин Тендулкар, 2024 оны зургаадугаар сард Томми Флитвүүд нар элчээр нэгдэж байв. Гэхдээ өмнөх элч нарын хамтын ажиллагаа тамирчны бэлтгэл, нөхөн сэргээх ложистикийг бүрэн хангасан ийм өргөн цар хүрээтэй байгаагүй юм.

Макилрой нь Race to Dubai-д нийт долоон удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2025 онд аваргалж байв. Тэрбээр одоо Дели хотод болох DP World India Championship тэмцээнд оролцох бөгөөд үүний дараа Абу Дабигийн плей-офф болон Дубайн улирлын төгсгөлийн тэмцээнд өрсөлдөх хуваарьтай байна.