АНУ-ын Даллас хотын тангарагтны шүүх рэппер Yella Beezy буюу Маркис Конвейг 2020 онд рэппер MO3-ын (жинхэнэ нэр нь Мелвин Нобл) амийг хөнөөсөн этгээдийг хөлсөлсөн хэрэгт буруутай гэж үзлээ. Associated Press агентлагийн мэдээлснээр, түүнд магадлан суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон байна.

Хэргийн гол сэжигтэн болох Кьюон Уайт мөн адил хүн амины онц ноцтой хэрэгт буруутай нь тогтоогдож, бүх насаар хоригдох ял авчээ. Прокуроруудын тайлбарласнаар, Уайт 2020 оны 11 дүгээр сард Даллас хотын хурдны зам дээр MO3-ын машиныг мөшгин очиж, улмаар түүнийг явганаар хөөн гар буунаас 40 гаруй удаа буудсан байна. Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан юм. Мөн прокуроруудын үзэж буйгаар Уайт уг хэргийг үйлдэхдээ Beezy-гээс 40 мянган ам.доллар авсан гэж таамаглаж байгаа аж.

Шүүх хурал дээр Yella Beezy-ийн өмгөөлөгч Жон Гуссио шүүхийн танхимд хандан, прокурорын тал зөвхөн олон таамаглал дэвшүүлж байгааг онцолж байв. Гэвч шүүхийн шийдвэр гарсны дараа танхимд байсан түүний гэр бүл, найз нөхөд сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулан тэврэлджээ.

Одоо 35 настай рэппер Yella Beezy өмнө нь 2018 онд өөрөө буудалцаанд өртөж, гурван удаа буудуулсан ч амьд үлдэж байсан түүхтэй. Тэрээр уран бүтээлийн хувьд "That’s On Me" болон Quavo, Gucci Mane нартай хамтарсан "Bacc at It Again" зэрэг дуугаараа Billboard Hot 100 чартад багтаж байсан юм.