Чикаго хотоос гаралтай рэппер Вик Менса подкастын салбарт хөл тавьж байна. Тэрээр наймдугаар сарын 10-ны Даваа гарагт «The Vic Mensa Show» подкастаа эхлүүлсэн бөгөөд анхны дугаар нь наймдугаар сарын 26-нд цацагдахаар товлогджээ. Эхний дугаарын тусгай зочноор Чикаго хотын уран бүтээлч Чэнс де Рэппер (Chance The Rapper) оролцох юм байна.
Уг подкастын шинэ дугаарууд долоо хоног бүрийн Лхагва гарагт үзэгчдийн хүртээл болох бөгөөд эхний улирал нь нийт 24 дугаараас бүрдэх аж. Эхний улиралд R&B дуучин Дуранд Бернарр, Рэпсоди, Лена Вэйт, Ажа Моне, соёлын шүүмжлэгч Ван Лэйтан Жр. зэрэг энтертайнмент болон идэвхтнүүдийн төлөөлөл болох олон эрхмүүд оролцохоор төлөвлөгджээ.
Вик Менса «Billboard» сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: «Миний уран бүтээл болон миний гарч ирсэн томоохон уламжлалд хөгжим, соёл, улс төр үргэлж салшгүй холбоотой байсаар ирсэн. Миний түүхэн болон улс төрийн өнцөг маань хөгжмөөс ихээхэн эхтэй» хэмээн хуваалцсан байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, хип-хопоос олж авсан санаануудаа гүнзгийрүүлэн «The New York Times», «Time» зэрэг хэвлэлд нийтлэл бичиж, улмаар «Orange Tree» цувралаа гаргаж байсан бөгөөд үүнээс үүдэн шинэ подкаст нь төрөн гарсан гэжээ.
Шинэ подкаст нь «Mass Appeal» болон Менсагийн шинээр үүсгэн байгуулсан «ORANJ» хэмээх олон талт продакшн компанийн хамтын ажиллагааны хүрээнд хүрч байгаа бөгөөд Spotify, Apple болон YouTube зэрэг томоохон платформуудаар цацагдах юм.
Өдгөө 33 настай Вик Менса нь Чикаго хотод чиглэсэн олон нийтийн идэвхтэй үйл ажиллагаа, буяны ажилд гар бие оролцсоор ирсэн юм. Түүний хамгийн сүүлийн студийн цомог болох «Victor» нь 2023 онд гарсан бөгөөд тэрээр 2025 онд Чэнс де Рэпперийн «Star Line» цомогт хамтран оролцож байжээ.