АНУ-ын алдартай телевизийн хөтлөгч Сет Майерс өөрийн "Late Night" нэвтрүүлгээрээ дамжуулан ерөнхийлөгч Дональд Трампын сүүлийн үеийн мэдэгдлийг эсэргүүцэн шүүмжилжээ. АНУ-д хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнэ өсөж, иргэд амьжиргааны өртөгтэй тэмцэж буй энэ үед Трамп өөрийн "Америкийг дахин боломжийн үнэтэй болгоно" гэсэн амлалтаасаа ухарсан мэт үйлдэл гаргасан байна.
Трамп сонгуулийн цуглааны үеэр "боломжийн үнэ" гэдэг ойлголтыг тохуурхан, "Боломжийн үнэ гэж юу юм бэ?" хэмээн асуужээ. Үүний хариуд Сет Майерс "Би галзуурч байгаа юм шиг санагдаж байна" хэмээх шинэ буланг нээж, ерөнхийлөгчийн хэлсэн үг нь өөрийнх нь амлалттай зөрчилдөж байгааг онцолсон байна. Майерс хэлэхдээ, "Чи л Америкийг дахин боломжийн үнэтэй болгоно гэж амласан шүү дээ" хэмээн сануулжээ.
Мөн Трамп хэвлэлийн хурлын үеэр үнийн өсөлтийн талаар асуулт тавьсан сэтгүүлчдийг шоолсон нь Майерсийн шүүмжлэлийн бай болжээ. Тэрээр ерөнхийлөгчийг ард иргэдийнхээ амьжиргааны хүндрэлийг үл тоомсорлож, өөрийн гэр бүлийн хөрөнгийг арвижуулахад анхаарч байна гэж буруутгасан байна.
Рейтинг уналтад орлоо
"The Economist" сэтгүүлийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэлийг дэмжих рейтинг бүх цаг үеийн хамгийн доод түвшинд буюу -25-д хүрчээ. АНУ-ын иргэдийн 60 хувь нь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжихгүй байгаа аж. Сет Майерс энэхүү үзүүлэлтийг тайлбарлахдаа, Трамп үнийг бууруулж, дайн дажингүй байлгана гэсэн амлалтаа биелүүлээгүй нь рейтинг унах гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.