АНУ-ын Үнэт цаасны арилжааны комисс (CFTC) спорт болон улс төрийн сонгуулийн үр дүн дээр суурилсан таамаглалын гэрээнүүдийг хууль ёсны хүрээнд оруулах шинэ зохицуулалтын төслийг танилцууллаа. Энэхүү алхам нь олон жилийн турш маргаан дагуулж ирсэн "урьдчилан таамаглах зах зээл"-ийг мөрийтэй тоглоомоос тусгаарлаж, илүү ил тод, хяналттай болгох зорилготой юм.

Шинэ саналын дагуу спорт болон сонгуультай холбоотой таамаглалын гэрээнүүдийг зөвшөөрөх боловч зах зээлийн шударга байдалд сөргөөр нөлөөлөх, манипуляци хийх эрсдэлтэй гэж үзсэн зарим төрлийн бооцоог хязгаарлах юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүс үр дүнд нөлөөлөх боломжтой нөхцөлүүдийг хааж, зөвхөн олон нийтийн оролцоотой, ил тод үйл явдлуудыг дэмжих бодлого баримталж байна.

Энэхүү шийдвэр нь крипто салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Учир нь сүүлийн үед Polymarket зэрэг блокчэйн технологид суурилсан таамаглалын платформууд дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй юм. Эдгээр платформ нь уламжлалт санхүүгийн зах зээлээс ялгаатай нь хэрэглэгчдэд ямар ч төрлийн үйл явдлын үр дүнг урьдчилан таамаглаж, хөрөнгө оруулах боломжийг олгодог.

CFTC-ийн зүгээс эдгээр зах зээлийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх нь инвестор болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чухал алхам болно гэж үзэж байна. Гэсэн хэдий ч энэ нь мөрийтэй тоглоомын хуультай хэрхэн уялдаж, хэрхэн хяналт тавих вэ гэдэг нь одоогоор хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байна.

Хэрэв энэхүү санал батлагдвал, спорт болон улс төрийн таамаглалын зах зээл нь илүү албан ёсны статустай болж, институцийн хөрөнгө оруулагчид ч оролцох боломж бүрдэх юм. Энэ нь технологийн болон санхүүгийн салбарын хоорондох заагийг улам бүр бүдгэрүүлж, шинэ төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг бий болгох эхлэл болж магадгүй байна.