Стейблкоинд суурилсан картын төлбөр тооцооны зах зээл эрчимтэй тэлж, шинэ дээд түвшинд хүрсэн тухай Paymentscan платформ мэдээллээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-ны байдлаар стейблкоин картын нийт зарцуулалт 1.17 тэрбум ам.долларт хүрсэн нь тус платформын бүртгэл дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Visa компанийн крипто салбарын тэргүүн Куй Шеффилд энэ төрлийн картыг “хэт өсөлтийн үе”-дээ орсон гэж тодорхойлсон байна. Картууд худалдаачдыг шууд криптовалют хүлээн авахыг хүлээхийн оронд ам.долларын ханштай токенуудыг одоо байгаа картын сүлжээтэй шууд холбож байгаа нь үүнд нөлөөлжээ. Гэсэн хэдий ч энэхүү төлбөрийн суваг нь уламжлалт картын зах зээлийн маш багахан хувийг эзэлж байгаа юм.

Сонирхолтой нь, гүйлгээний нийт дүн өссөн ч төлбөрийн давтамж буурчээ. Есдүгээр сард 11.0 сая гүйлгээ бүртгэгдсэн нь наймдугаар сарын 11.07 саяас бага зэрэг буурсан бөгөөд нэг удаагийн дундаж гүйлгээний хэмжээ ойролцоогоор 107 ам.доллар болж өссөн байна. Идэвхтэй хаягийн тоо ч 287,634-өөс 283,761 болж цөөрсөн боловч энэ нь бүрэн дүн биш юм. Учир нь платформ дээрх хамгийн том хөтөлбөр болох RedotPay идэвхтэй хаягийн тоогоо мэдээлдэггүй аж.

Base сүлжээ болон RedotPay тэргүүлэв

Блокчэйн сүлжээнүүдээс Coinbase-ийн дэмжлэгтэй Base сүлжээ хамгийн их дүнгээр тэргүүлсэн байна. Сүлжээний гүйлгээний (on-chain) мэдээллээр нийт 788.9 сая ам.долларын зарцуулалт хийгдсэнээс Base сүлжээгээр 216.8 сая ам.доллар (27.5%) нь дамжжээ. Үүний араас Optimism 127 сая, Solana 109.3 сая, Stellar 69.3 сая, Polygon 50.9 сая, Ethereum 49.5 сая, Plasma 38.3 сая ам.долларын гүйлгээг тус тус боловсруулсан бол үлдсэн 127.8 сая ам.доллар нь бусад 11 сүлжээнд хуваарилагдсан байна.

Картын хөтөлбөрүүдийг авч үзвэл RedotPay сүүлийн 30 хоногт 401.9 сая ам.долларын гүйлгээ боловсруулж, жилийн дүнгээр 4.9 тэрбум ам.долларт хүрэх хэмжээгээр тэргүүлэв. Харин EtherFi 127.4 сая, KAST 113.1 сая, Karta 48.7 сая, Wirex One 46.9 сая ам.долларын үзүүлэлтээр удаалжээ. Өсөлтийн хурдны хувьд Wirex One-ийн дүн хамгийн өндөр буюу 40.1%-иар, EtherFi 20.3%-иар, Karta 14.4%-иар, KAST 11.1%-иар, RedotPay 3%-иар тус тус өссөн байна.

Tiger Research-ийн үзэж буйгаар, крипто картын үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд энэхүү өсөлтийг тогтвортой санхүүгийн харилцаа болгон хувиргаж чадах эсэх нь илүү чухал асуулт болж байна. Одоогоор цалингийн орлого, тогтмол зардлууд болон үндсэн дансны харилцаа тэдний хяналтаас гадуур байгаа тул дараагийн шатны өрсөлдөөн нь хэрэглэгчдийн өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн татахад чиглэх төлөвтэй байна.