Судан улсад үргэлжилж буй иргэний дайны нөхцөл байдал улам хурцдаж, Эль-Обейд хот дайны гол цэг болох аюул нүүрлээд байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс мэдээлснээр, “Rapid Support Forces” (RSF) буюу Шуурхай дэмжлэг үзүүлэх хүчнийхэн тус хотыг тойруулан цэргийн хүчээ ихээр төвлөрүүлж байгаа нь томоохон хэмжээний довтолгоо эхлэх гэж буйн дохио хэмээн үзэж байна.
Эль-Обейд хот нь стратегийн чухал байрлалтай бөгөөд хэрэв тус хотод газрын дайралт эхэлбэл энгийн иргэдийн амь нас олноор хохирч, хүмүүнлэгийн томоохон гамшиг нүүрлэх эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл талуудыг нэн даруй гал зогсоож, яриа хэлэлцээний ширээний ард суухыг уриаллаа.
Суданд 2023 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн энэхүү зэвсэгт мөргөлдөөн нь аль хэдийн олон мянган хүний амийг авч одсон бөгөөд сая сая иргэн орон гэрээ орхин дүрвэхэд хүрээд байгаа юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар, хэрэв Эль-Обейд хотод дайн дэгдвэл энэ нь аль хэдийн хямралд өртсөн бүс нутгийн нөхцөл байдлыг улам бүр дордуулах болно.
НҮБ-ын зүгээс мөргөлдөөнд оролцогч талуудыг олон улсын хүмүүнлэгийн хуулийг сахин биелүүлж, энгийн иргэдийг хамгаалах үүргээ ухамсарлахыг шаардаж байна. Одоогийн байдлаар нөхцөл байдал маш эмзэг байгаа бөгөөд дэлхий нийтийн анхаарал Суданы энэхүү бүс нутагт төвлөрч байна.