Суданы иргэний дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж, байдал улам бүр хурцдаж байгааг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 62 дугаар чуулганы үеэр олон улсын шинжээчид онцоллоо. Судан дахь НҮБ-ын бие даасан баримт баримт тогтоох комиссын мэдээлснээр, энгийн иргэд зөвхөн фронтын шугам дээрх аюул заналхийлэл төдийгүй айдас, сураггүй алга болох, дур мэдэн баривчлагдах гэх мэт олон талт дарамтад өртөж байна.
Женева хотноо болсон хурлын үеэр шинжээчид тус улсад хүний эрхийн зөрчил газар авч, иргэдийн аюулгүй байдал бүрэн алдагдсаныг тэмдэглэв. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэдийг барьцаалах, хууль бусаар саатуулах, эрүүдэн шүүх явдал түгээмэл болсон нь олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоож байна. Дайны улмаас олон мянган хүн гэр орноо орхин дүрвэж, хүнсний хомсдол болон эрүүл мэндийн үйлчилгээний дутагдалд орсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм.
НҮБ-ын баг Суданы мөргөлдөөнийг шийдвэрлэх, энгийн иргэдийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа. Хэдийгээр дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа ч газар дээрх бодит байдал сайжрахгүй байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг өдөр бүр эрсдэлд оруулсаар байна.
Суданы мөргөлдөөн нь зөвхөн бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний хүмүүнлэгийн томоохон хямрал болон хувираад байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдлүүдийг таслан зогсоохын тулд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.