Бидний бага насны дурсамж болсон "Нинжа яст мэлхийнүүд" дахин нэг удаа дэлгэцнээс тоглоомын ертөнц рүү шилжиж байна. Hollywood-ын томоохон кино студи болох Paramount Pictures өөрийн тоглоомын салбар болох "Paramount Games Studio"-г байгуулснаа зарлаж, хамгийн их хүлээлт үүсгээд буй төслүүдийнхээ нэгээр "Teenage Mutant Ninja Turtles: The Last Ronin" тоглоомыг нэрлэлээ.

Энэхүү тоглоом нь ижил нэртэй алдартай комик номоос сэдэвлэгдсэн бөгөөд өмнөх хүүхэлдэйн кинонуудаас тэс өөр, илүү бараан, гунигтай уур амьсгалыг өгүүлнэ. Түүхэнд дөрвөн ах дүүсээс ганцаараа үлдсэн нэгэн яст мэлхий өшөө авалт, шударга ёсны төлөө тэмцэж буй тухай өгүүлэх юм. Тоглоомын явц нь илүү насанд хүрэгчдэд зориулсан, тулаант төрлөөр бүтээгдэж байгаа нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихэд татаад байна.

Paramount Games Studio-ийн хувьд энэ нь зөвхөн нэг тоглоом төдийгүй, тэдний тоглоомын зах зээлд хүч түрэн орох эхлэл болж байна. Өмнө нь зөвхөн киноны эрхээ бусад компаниудад лицензээр олгодог байсан бол одоо өөрсдийн бүтээлийг бие даан удирдах стратеги баримталж байгаа нь энэ юм. Хэдийгээр тоглоомын нээлтийн тов хараахан тодорхойгүй байгаа ч "The Last Ronin" нь энэ жилийн хамгийн сонирхолтой тоглоомуудын нэг болох нь тодорхой байна.

Та бүхэн энэхүү адал явдлыг хүлээж байгаа юу? Нинжа яст мэлхийнүүдийн энэхүү шинэ түүх тоглоомчдын дунд хэрхэн хүлээж авахыг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.