Gamescom наадмын GameStar-ын Find Your Next Game арга хэмжээний үеэр тактикийн RPG төрлийн Shadow of the Road тоглоомын нээлтийн хугацааг зарлалаа. Уг тоглоомыг хөгжүүлэгч Another Angle Games болон хэвлэн нийтлэгч Owlcat Games нар 11 дүгээр сарын 12-нд албан ёсоор худалдаанд гаргахаар товлосон байна.

Shadow of the Road нь Steam, GOG болон Epic Games Store платформууд дээр гарах бөгөөд одоогоор Steam дээр үнэгүй туршилтын хувилбар нь (demo) байршаад байгаа юм.

Шинэ трэйлерт дайнд нэрвэгдсэн Японы нутгаар аялж буй экс самурай, Сёгуны харьяат цэргүүд, нууцлаг хүүхэд, түүний ээж болон хамгаалагч зэрэг олон төрлийн дүрүүдийн бүрэлдэхүүнийг харуулжээ.

Тоглолтын явцад дээрэмчид, эзэн хааны цэргүүд гэх мэт хүмүүсээс гадна ер бусын, ид шидийн амьтадтай тулалдах аж. Мөн дүрүүдийн ур чадварыг ахиулах, хамтарсан довтолгоо хийх болон орчин тойрноо ашиглан дайснуудын эсрэг тэмцэх боломжуудыг багтаасан байна.