Дэлхийн алдартай дуучин Тейлор Свифтийн уран бүтээлүүд Дональд Трампын багтай холбоотой TikTok хаягуудаас устаж эхэлсэн нь цахим орчинд анхаарал татаж байна. Тухайлбал, Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлын хүрээнд нээгдсэн «Team Trump» хуудас Тейлор Свифтийн 2020 оны «Folklore» цомогт багтсан "August" дууг ашиглан Дональд болон Мелания Трамп нарын бичлэгийг байршуулсан байв. Уг бичлэг дээр «Наймдугаар сар болж, Дональд Трамп таны ерөнхийлөгч болсон нь сайхан байна» гэсэн бичвэр байсан юм.
Гэвч наймдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын TikTok хэрэглэгчид уг бичлэг дээрх дуу алга болж, «Энэ дууг ашиглах боломжгүй» гэсэн анхааруулга гарч байгааг анзаарчээ. Үүний дараа хэрэглэгчид Тейлор Свифтийг өөрийн дууг устгуулсан хэмээн таамаглаж, сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн байна. Одоогоор 14 сая дагагчтай «Team Trump» хуудас уг асуудалд албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Зөвхөн "August" дуу ч биш, Тейлор Свифтийн 2025 оны хит "Father Figure" болон Цагаан ордны албан ёсны хаяг дээр байршуулсан "The Fate of Ophelia" дуунууд ч мөн адил TikTok-оос устаад байгаа юм. Трампын баг үүний хариуд Тейлор Свифтийн 2012 оны "Red" цомгийн дууг ашиглан "Red (Trump’s Version)" нэртэй хуурамч тоглуулах жагсаалт үүсгэж, дуучныг ёжилсон пост оруулсан байна.
Дональд Трамп болон Тейлор Свифт нарын харилцаа 2018 оноос хойш хурцадмал байдалтай байгаа бөгөөд дуучин бүсгүй 2024 оны сонгуулиар Камала Харрисыг дэмжсэн нь үүнийг улам дэвэргэсэн юм. Үүний дараа Трамп өөрийн сошиал хуудаснаа "Би Тейлор Свифтийг үзэн яддаг!" хэмээн бичиж байсан удаатай. Одоогоор Тейлор Свифт энэ нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.