Канадын дуучин Тейт Макрэй өөрийн улс төрийн үзэл бодлын талаарх интернэт дэх цуурхалд анх удаа хариулт өглөө. Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийг нь улс төрийн тодорхой байр суурьтай гэж хардаж буй хүмүүст хандан, өөрийн дэмждэг байгууллагууд болон аялан тоглолтынхоо орчноор дамжуулан ямар хүн гэдгээ илэрхийлдэг хэмээн онцолжээ.

Түүнийг улс төрийн яриа хэлэлцээнд оролцохоос зайлсхийдэг шалтгааныг олон нийт сонирхож буй бөгөөд дуучин бүсгүй өмнө нь аялан тоглолтынхоо үеэр LGBTQ+ залуучуудын амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх The Trevor Project болон Global Fund for Women байгууллагуудад хандив өргөж байсан юм. Тэрээр "Миний дэмждэг зүйлс болон зарцуулж буй энергиэс минь ямар хүн болох нь тодорхой харагдана гэж найдаж байна" хэмээн хэлсэн байна.

Мөн түүний хувийн амьдрал, тэр дундаа найз залуу гэгддэг хоккейн тамирчин Жак Хьюз-тэй холбоотой асуудлууд болон Тейлор Свифтээс авсан бэлэг, шинэ цомгийн бүтээлч үйл явцын талаар ярилцлагад дурджээ. Тейт Макрэй хувийн харилцаагаа аль болох нууц, ариун байлгахыг эрмэлздэг бөгөөд гадны элдэв цуурхалд анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг гэв.

Одоогоор тэрээр дөрөв дэх цомгийнхоо эхний шатны ажилд орсон бөгөөд дуу зохиолч Эми Аллен, Эмили Хейни нартай хамтран ажиллаж байна. Шинэ уран бүтээлийнхээ талаар тэрээр "Хэрэв та бүтээл туурвиж байхдаа хүмүүс хэрхэн хүлээж авахыг бодвол үйл явцыг бүхэлд нь сүйтгэнэ" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.