Америкийн нэрт дуучин, ая зохиогч Том Уэйтс өөрийн шинэ бүтээл болох "The Fly" нэртэй ярианы хэлбэртэй дуугаа бүрэн эхээр нь олон нийтэд дэлгэлээ. Энэхүү дуу нь түүний өмнө нь гаргаж байсан "What’s He Building In There?" зэрэг харанхуй, хошин аястай бүтээлүүдийнх нь үргэлжлэл болж байна.
Уг дуу нь Massive Attack хамтлагтай хамтран бүтээсэн улс төрийн өнгө аястай "Boots On The Ground" дууны B-side буюу нөгөө талын дуу юм. "Boots On The Ground" дуу нь 2011 онд гарсан "Bad As Me" цомгоос хойшхи Том Уэйтсийн анхны шинэ бүтээл болсон билээ. Дууны үгэнд ялааны богинохон бөгөөд хэн ч анзаардаггүй амьдралыг ёжтой байдлаар дүрсэлсэн байна.
Том Уэйтс өөрийн бүтээлийн талаар "Хүн төрөлхтний алдаа завхрал бол ялааны хувьд найр юм. Тиймээс энэ дуу бол далавчит шавжийг үнэлсэн миний талархал юм" хэмээн тайлбарлажээ. Дууны клипийг түүний хүү Кейси Уэйтс дүрсжүүлсэн байна.
"Boots On The Ground" болон "The Fly" дуунууд 9-р сарын 4-нд 12 инчийн пянз хэлбэрээр худалдаанд гарах бөгөөд байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулсан материалаар хийсэн "EcoSonic" хувилбараар гарах юм. Massive Attack хамтлагийн хувьд энэхүү төслийг өнөөгийн нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эрх мэдлийн хэтэрсэн байдал болон улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.