Дэлхийн эрчим хүчний зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг газрын тосны үнэ сүүлийн өдрүүдэд эрс уналттай байна. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны Засгийн газартай шинэ гэрээ байгуулах тухай мэдэгдэл голлон нөлөөллөө. Трамп өөрийн цахим хуудсаараа дамжуулан баасан гарагт Ирантай тохиролцоонд хүрч, гарын үсэг зурах болсноо зарласан нь хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсгээд байна.

Геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Ойрхи Дорнодын бүс нутаг дахь газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох Хормузын хоолойг тойрсон маргаан нь өнгөрсөн хугацаанд нефтийн үнийг өсгөх гол хүчин зүйл байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп уг гэрээг байгуулсны дараа Хормузын хоолойг бүрэн нээж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах болно гэдгээ амласан нь зах зээлд эерэг дохио өгөв. Энэхүү мэдээллийн дараа газрын тосны нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлтээр үнэ пүрэв болон баасан гарагт дараалан буурлаа.

Эдийн засагчид болон зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар, хэрэв АНУ болон Ираны хооронд тохиролцоо амжилттай хэрэгжвэл дэлхийн зах зээл дэх эрчим хүчний үнийн хэлбэлзэл намжиж, газрын тосны нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн түгшүүртэй байдал үгүй болох юм. Одоогоор хөрөнгө оруулагчид баасан гарагт болох гарын үсэг зурах үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Хэрэв гэрээ төлөвлөсөн ёсоор батлагдвал энэ нь сүүлийн үеийн олон улсын харилцаан дахь томоохон эргэлт болохоор байна.