Дэлхийн технологийн салбарын нөлөө бүхий эрхэм, PayPal-ыг үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Питер Тилийн удирддаг "Dialog" хэмээх нууцлаг нийгэмлэгийн үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. Wired сэтгүүлийн мэдээлснээр, 200 гаруй нөлөө бүхий элитүүд нэгддэг энэхүү хаалттай бүлгэмийн уулзалтууд болон тэдний ашигладаг тусгай аппликэйшний мэдээлэл задарчээ.

"Dialog" нь зүгээр нэг бизнес уулзалтын талбар бус, харин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нөлөө бүхий хүмүүсийн цуглардаг "нууц нийгэмлэг" гэдгээрээ онцлог юм. Тус нийгэмлэгийн зохион байгуулдаг уулзалтуудын хөтөлбөр нь тун хачирхалтай. Тодруулбал, "шашин шүтлэг, сект хэрхэн байгуулах вэ?", "бэлгийн харилцааны шинэ хэлбэрүүд" болон "Дэлхийн гуравдугаар дайнд хэрхэн бэлтгэх вэ?" зэрэг сэдвүүд хэлэлцүүлгийн гол цөм болдог байна. Энэ нь Silicon Valley-ийн технологийн акулууд ирээдүйг хэрхэн төсөөлж, ямар чиг хандлагаар нийгэмд нөлөөлөхийг зорьж буйг харуулж байгаа юм.

Энэхүү нийгэмлэгийн гишүүд хоорондоо холбогдохын тулд тусгай аппликэйшн ашигладаг бөгөөд уг апп нь гишүүдийг хооронд нь тааруулах (matchmaking) функцтэй аж. Энэ нь зөвхөн ажил хэргийн холбоо бус, хувийн амьдрал болон үзэл бодлын нэгдлийг бий болгох зорилготой бололтой.

Питер Тиль бол Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд томоохон дэмжлэг үзүүлж байсан, улс төрийн баруун жигүүрийн үзэл баримтлалтай тэрбумтан юм. Түүний байгуулсан энэхүү нийгэмлэг нь дэлхийн эдийн засаг, технологийн хөгжлийг удирдаж буй хүмүүс ямар сэдвийг чухалчилж, ямар нууцлаг төлөвлөгөөг боловсруулж байгааг илчилсэн нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл, болгоомжлолыг дагуулж байна.

Технологийн салбарын нөлөө бүхий хүмүүс дэлхийн ирээдүйг тодорхойлохдоо ийнхүү хаалттай, нууцлаг хүрээгээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь "тэд бидний мэдэхгүй юуг мэдэж байна вэ?" гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна.