Даваа гарагт Оросын талаас Украины эсрэг чиглэсэн пуужин болон дроны дайралт хийсний улмаас 11 энгийн иргэн амиа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болсон үйл явдлыг “аймшигт дайралт” хэмээн тодорхойлжээ.

Энэхүү халдлага нь Европ даяар нүүрлээд буй аюултай халууны улмаас агаарын хэм 36 хэмээс давсан үед тохиосон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Тус улсын эрчим хүчний сүлжээ хэт халууны улмаас ачаалал даахгүйд хүрч, хүндрэлтэй тулгарчээ.

2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд удаа дараа пуужин болон дроны цохилт өгсөөр ирсэн юм. Үүний улмаас тус улсын эрчим хүчний салбарт хэдэн арван тэрбум долларын хохирол учирсан гэх мэдээлэл байна.