Украины зүгээс Оросын нутаг дэвсгэр рүү чиглэсэн дроны хүчтэй довтолгоонууд үргэлжилсээр байна. Ням гарагт Оросын эрх баригчдын мэдээлснээр, тус улсын өмнөд хэсэгт байрлах газрын тосны томоохон үйлдвэрт дрон цохилт өгсний улмаас гал гарч, дор хаяж хоёр хүн амиа алджээ.
Сүүлийн саруудад Украин улс Оросын цэргийн үйлдвэрлэл болон эрчим хүчний байгууламжуудад чиглэсэн алсын зайн довтолгоогоо эрс нэмэгдүүлээд байна. Энэхүү ажиллагаа нь Москвагийн зүгээс явуулж буй түрэмгийллийн орлогыг таслах, мөн Оросын ард иргэдэд дайны нөлөөг мэдрүүлэх зорилготой байгаа аж. Түрэмгийлэл эхэлснээс хойш тав дахь жилтэйгээ золгож буй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь “хүнд хэцүү үеийг” туулж байгааг хүлээн зөвшөөрлөө.