Унгар улсын улс төрд томоохон өөрчлөлт гарч, тус улсын парламент ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацааг дээд тал нь найман жилээр хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь 16 жилийн турш эрх барьсан Виктор Орбаны улс төрийн ирээдүйг хааж, дахин төрийн тэргүүнээр ажиллах боломжгүй болгож байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуулиар Петер Мадьяр тэргүүтэй шинэ засгийн газар ялалт байгуулж, эрх мэдлийг гартаа авсан билээ. Парламентад гуравны хоёрын олонхыг бүрдүүлсэн Петер Мадьярын нам Виктор Орбаны “Фидес” намын үед батлагдсан хууль тогтоомж, тэр дундаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүчтэй мандаттай болсон юм. Ерөнхий сайдын бүрэн эрхийг хязгаарлах нь Мадьярын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан бөгөөд ийнхүү биеллээ олж байна.

Виктор Орбан нь 2010 оноос хойш Унгар улсыг тасралтгүй удирдаж, барууны орнуудтай үзэл бодлын хувьд зөрчилдөх болсон тул түүнийг эрх мэдлээ хэт төвлөрүүлж, ардчилсан зарчмуудыг сулруулж байна хэмээн олон улсын зүгээс шүүмжилдэг байсан юм. Шинэ хууль батлагдсанаар Унгар улс улс төрийн тогтолцоогоо илүү тэнцвэртэй болгож, нэг хүний засаглал дахин тогтохоос сэргийлэх алхам хийж байна.

Энэхүү өөрчлөлт нь Унгарын улс төрийн талбарт шинэ үе эхэлж байгааг илтгэхийн зэрэгцээ, Европын холбооны гишүүн улс дахь ардчилсан үйл явцыг шинэ шатанд гаргаж байна гэж шинжээчид дүгнэж байна.