Австралийн кантри хөгжмийн салбарын хамгийн том шагнал гардуулах ёслол болох 55 дахь удаагийн Golden Guitar Awards-ын нэр дэвшигчид тодорлоо. Энэхүү наадамд дуучин, ая зохиогч бөгөөд гитарчин Уэйд Форстер нийт 10 төрөлд нэр дэвшин жагсаалтыг тэргүүлж байна.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд АНУ-д хийсэн тоглолтынхоо тасалбарыг бүрэн борлуулж, “Grand Ole Opry”-д анх удаа гарч, гурав дахь студийн цомог болох “The Aftermath”-аа гаргаад амжжээ. Наадмын түүхэнд анхны тохиолдол гэж үзэж буйгаар түүний хоёр өөр цомог нэгэн зэрэг тусдаа төрлүүдэд нэр дэвшсэн байна. Тодруулбал, Саймон Жонсоны продюсерлосон “Gooseneck Party” цомог нь шилдэг цомог болон альт кантри/Американа төрөлд, мөн Жонсоны продюсерлосон “The Aftermath” цомог нь шилдэг цомог болон орчин үеийн кантри цомгийн төрөлд тус тус өрсөлдөж байна.
Бусад уран бүтээлчдээс Брук МакКлаймонт ба Адам Эккерсли болон Жеймс Жонстон нар тус бүр зургаан төрөлд, харин Мак Гейгер таван төрөлд нэр дэвшжээ. Нийт 16 төрлийн нэр дэвшигчдийг Сидней хотод болсон үдийн хүлээн авалтын үеэр зарласан байна.
Энэ жилийн шагнал гардуулах ёслолд нийт 580 бүтээл хүлээн авсан бөгөөд шагналтнуудыг 1-р сарын 23-ны бямба гарагт “Toyota 55th Tamworth Country Music Festival”-ын үеэр тодруулна. Тус фестивалийн өдөр бүр 30,000 орчим кантри хөгжим сонирхогч цугларах төлөвтэй байна.